Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, Орхон аймгийн Прокурорын газар, Орхон аймгийн Цагдаагийн газрын хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
2026-06-20 | 44Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, Орхон аймгийн Прокурорын газар, Орхон аймгийн Цагдаагийн газрын хамтарсан зөвлөгөөнд 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхийн ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нар оролцлоо.
Зөвлөгөөнд Орхон аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Л.Оюунтуяа “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт ба тулгарч буй хүндрэл бэрхшээл” сэдвээр,
Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Энх-Эрдэнэ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хэргийн шийдвэрлэлт”, “Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан хэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулсан үндэслэлүүд” сэдвээр тус тус танилцуулга, илтгэл хэлэлцүүлсэн юм.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нар эрүүгийн болон зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй зөрчил, цаашид анхаарах асуудал, хууль хэрэглээний талаар,
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Алтангадас, шүүгч Э.Энэрэл, шүүгч Д.Баттулга нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудлын талаар тус тус танилцуулав.
Мөн зөвлөгөөнд оролцогч нар дээрх сэдвүүдтэй холбогдуулан харилцан санал солилцож, эрүүгийн болон зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй зөрчлийг арилгах, тулгамдаж буй бусад асуудлуудын талаар хэлэлцсэн бөгөөд хуулийн байгууллагуудын хоорондын харилцааг бэхжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд, иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль хэрэглээний нэгдсэн ойлголтод хүрэх зэрэг чухал ач холбогдолтой зөвлөгөөн болж өндөрлөлөө.
ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ