ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-20 | 185

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нь өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан “ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН”-ЫГ 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нь төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагад 37 жил, үүнээс шүүгч, Ерөнхий шүүгчээр 31 дэх жилдээ ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа билээ.
Өнөөдрийн хүндэтгэлийн хуралдаанд Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, Орхон аймгийн Прокурорын газрын орлогч прокурор, прокуроруудын хамт, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгчид, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, Орхон аймаг дахь салбарын зохицуулагч Б.Алтансүх, үе, үеийн туслахууд, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнгийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд оролцож хүндэтгэл үзүүлсэн юм.
Хүндэтгэлийн хуралдааныг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нээснээр эхэлж, өөрийн шүүн таслах ажлын баялаг туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ шүүгч, шүүхийн хамт олондоо цаашдын ажилд өндөр амжилт хүсч талархал илэрхийлж, хүндэтгэлийн хуралдааныг хаав.
Тус шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Дуламсүрэнгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон танхимд төрийн дуулал эгшиглүүлж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнгийн өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн нөмрөг, хавтсыг дурсгал болгон хадгалууллаа.
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны манаа нь болсон эрхэм шүүгч таньдаа цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье.

ОРХОН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ,
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР