Хураангуй бэлтгэсэн:
Шүүгч Э.Энэрэл
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаартай захирамж
Шүүхийн процессын тойм: № 01, 2026.01.06
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шүүгдэгч М.А-г 2021 оны 03 дугаар сарын 03, 18-ны өдрүүдэд “зээлийн гэрээ”, “орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр халхавчлан 250,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан О аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгч хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг товлож, шүүгдэгч М.А-гийн нэмж өмгөөлөгч авах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгавар хүргүүлж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.
2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0900 цагт товлогдсон шүүх хуралдаанд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1021 дугаартай шүүгчийн захирамжид заасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх ажиллагаатай холбоотой зарим нотлох баримтыг ирүүлээгүй, мөн хэрэгт хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хариуцагчаар татсан, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нь 3 хавтас бүхий 675 хуудас хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийлгүүлэх, хэргийн оролцогчийн эрх тэгш мэтгэлцэх эрхийг хангахаар шүүх хуралдааныг тус шүүхийн хуралдааны зар, хэргийн оролцогч нарын саналыг харгалзан 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн болно.
Тоймыг бэлтгэсэн:
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Шүүгч Э.Энэрэл