ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРОГЧ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД СЭТГЭЦЭД УЧИРСАН ГЭМ ХОРЫГ ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ

 

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРОГЧ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД

СЭТГЭЦЭД УЧИРСАН ГЭМ ХОРЫГ ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН

НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ

 

Шийдвэрийн дугаар      2025 оны 04 дугаар сарын 16 /23

Шийдвэрийн төлөв        Хүчин төгөлдөр

Шийдвэрийн хураангуй     Дугаар 3

Д нь 0000 **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтуудыг зөрчиж явган зорчигч Г-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Д-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б нь сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б эс зөвшөөрч “... амь хохирогч Г нь манай гэрт хамт амьдарч байсан ... ” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг шүүх хуульд заасан хэмжээгээр тогтоодог.

Дээр дурьдсан “Гэр бүлийн гишүүн” гэдэгт гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хамааруулан ойлгоно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б нь амь хохирогч Г-тэй хамт амьдардаг байсан гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх нөхцөл байдал нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх Б-г нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсан нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/single_case/22085?daterange=2025-01-01%20-%202025-11-24&id=2&court_cat=2&bb=1  холбоосоор танилцана уу.

 Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.