ГЭМТ ХЭРГИЙН “ХОЁР, ТҮҮНЭЭС ОЛОН ХҮНИЙГ” ГЭСЭН ХҮНДРҮҮЛЭХ ШИНЖ

 

ГЭМТ ХЭРГИЙН “ХОЁР, ТҮҮНЭЭС ОЛОН ХҮНИЙГ”

ГЭСЭН ХҮНДРҮҮЛЭХ ШИНЖ

 

 

Шийдвэрийн дугаар: 2025 оны 04 сарын 24 өдөр  №27

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

 

Тоймын дугаар 5

 

Санамж:  Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

 

            Ц нь 2024 оны 07 дугаар сард зочид буудлын өрөөнд иргэн Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2024 оны 11 дүгээр сард гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж-тэй маргалдаж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх “... өөр өөр цаг хугацаанд, өөр орон зайд, өөр сэдэлтээр үйлдэгдсэн шүүгдэгчийн 2 үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх нь буруу ... ” гэж дүгнэн шүүгдэгч Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг ..., мөн өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг ... үйлдлийн аль алиныг хамааруулан ойлгохоор Улсын Дээд Шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаар тогтоол, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 316 дугаар тогтоолд тус тус дурьдсан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Ц-н үйлдсэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зүйлчилсэн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх, улмаар гэм буруутай этгээдэд ял оногдуулахад нөлөөлсөн байна гэж давж заалдах шатны шүүх үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/single_case/22198?daterange=2025-01-01%20-%202025-11-24&id=2&court_cat=2&bb=1  холбоосоор танилцана уу.

 

 

Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Хосбаяр

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.