Хураангуй бэлтгэсэн:
Шүүгч С.Уранчимэг
ЗОЧИД БУУДЛЫН ӨРӨӨНД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОРЖ, ЭД ЗҮЙЛ АВСАН НЬ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХҮНДРҮҮЛЭХ ШИНЖИД ХАМААРНА
Шийдвэрийн дугаар 2025 оны 05 дугаар сарын 21/31
Шийдвэрийн төлөв Хүчин төгөлдөр
Шийдвэрийн хураангуй Дугаар 4
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа, согтуугаар 0000 улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Х-ын жолоодож явсан автомашиныг мөргөж, О-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн тухайн үед хэргийн газрыг зориуд орхин зугтаасан, А-н гар утсыг хулгайлж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан, Г-н гар утсыг “засаад өгье” гэж залилан авч 775.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүхээс М-г ... автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн”,
“авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан”,
“бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлсан”
“хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч хохирогч О, түүний өмгөөлөгч Э, шүүгдэгч М нар давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл М нь “Х” дэн буудлын ** тоот өрөөнд нэвтрэх эрхгүй атлаа нэвтрэн орж, иргэн А-г унтаж байхад гар утсыг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Гэтэл прокуророос дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн, мөн анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхгүйгээр шүүгдэгч М-н гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/single_case/22514?daterange=2025-01-01%20-%202025-11-24&id=2&court_cat=2&bb=1 холбоосоор танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Шүүгч С.Уранчимэг