Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

     Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академи хамтран ”Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн алба хаагчид зориулсан сургалт”-ыг 2021 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.

     Тус сургалт нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн албан хаагчдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, олон улсын сайн туршлагыг судлах, шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааны шуурхай байдлыг хангах, үр дүнг сайжруулах талаар мэдлэг олгоход чиглэгдлээ.

     Сургалтын эхний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн дарга Х.Билгүнзаяа “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, холбогдон гарсан дүрэм, журмын танилцуулга, мэдээлэл”, “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж буй тогтолцоо, тулгамдаж буй асуудал” Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Б.Мөнгөнсүх “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах журмын төслийн танилцуулга”, Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхзориг “Шүүхийн тамгын газрын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн Шүүгчийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Ц.Амарсанаа "Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх  хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам"-ын танилцуулга, онцлог, анхаарах асуудал, "Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч,   зохигч,   хэргийн   оролцогчийг   албадан ирүүлэх,   шүүхээс   оргон   зайлсан   яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам"-ын танилцуулга, онцлог, анхаарах асуудал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын төвийн сэтгэл судлаач Б.Нямаа “Цагдаагийн алба хаагчийн харилцаа хандлага”, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Будзаан “Хуяглан хүргэх, шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх ажиллагаанд анхаарах асуудал”, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очгэрэл “Шүүгчийн захирамжаар   яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр явагдлаа.

      Сургалтын хоёр дахь өдөр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Амаржаргал “Нийслэл хотын хэмжээнд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны танилцуулга”, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн сэтгэл судлаач Г.Наранцацрал  “Шүүгдэгч, яллагдагчийн сэтгэл зүйн байдал, тэдэнтэй харилцахад анхаарах асуудал”, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Будзаан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тайлагнах”, Тусгай хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Галбаатар “Цагдаагийн тусгай хэрэгсэл хэрэглэх тактик ажиллагаа”, “Шүүхийн байранд эмх замбараагүй байдал үүссэн үед хэрэгжүүлэх тактик ажиллагаа”, Ханнс-Зайделын сангийн ажилтан С.Мөнхжаргал “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын сайн туршлага” /Холбооны Бүгд Найрамдах Герман Улс/, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн дарга Х.Билгүнзаяа “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын сайн туршлага” /Америкийн Нэгдсэн Улсын “Маршалын алба”/ сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалтыг удирдан явууллаа.

     Сургалтыг лекц, презентэйшн, хэлэлцүүлэг өрнүүлэх, дадлага хийх зэргээр танхим болон практик хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд сургалтад амжилттай оролцсон 68 алба хаагчдад гэрчилгээ олгов. 

     Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 149 дүгээр тушаалаар шүүхийн шинэчлэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж, шүүхийн бие даасан байдлыг хангаж хамгаалах үйлсэд амжилт гаргасан шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг цагдаагийн алба хаагчдаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Цагдаагийн ерөнхий газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Т.Баярсайхан, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Даваажаргал нарыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Бат-Эрдэнэ, харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Батдорж, Дорнод аймгийн цагдаагийн газрын шүүхийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Мөнгөншагай, Төв аймгийн цагдаагийн газрын шүүхийн хамгаалалтын цагдаа Ө.Энхбаатар, Хэнтий аймгийн цагдаагийн газрын хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Ууганбаяр нарыг тус тус шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр гардуулан өгөв.   

     Сургалтын ажиллагааг хааж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Цагдаагийн ерөнхий газрын, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нар үг хэллээ.

      Цагдаагийн ерөнхий газрын, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан сургалтад оролцсон нийт алба хаагчдад баяр хүргээд “Шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа алба хаагчид 3 ээлжээр, хуяглан хүргэх үйл ажиллагаанд хүн хүч хүрэлцэхгүй дутагдаж байгаа. Энэхүү асуудлыг судалж 2021 оны 7 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын удирдлага болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яаманд шүүхийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллах 106 алба хаагчийн орон тоог нэмэгдүүлэх саналыг танилцуулан 2022 оны төсвийн төсөлд санал оруулсан байна. Батлагдсан тохиолдолд орон нутагт 3-4 алба хаагчийн орон тоог нэмж  өгөх боломжтой” гэсэн бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр “Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг хамгийн чухал хэсгийн нэг юм. Энэ хариуцлагатай чиг үүргийг Цагдаагийн байгууллага бие даан хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан хуульчилсан. Аюулгүй байдлыг хангах ажиллагааг тусгай бэлтгэгдсэн хүний нөөцөд тулгуурлан  хэрэгжүүлдэг онцлогтойг та бүхэн мэдэж байгаа. Эрсдэлтэй амаргүй ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй алба хаагчдын хувьд бие бялдар, сэтгэлзүйн бэлэн байдлаас гадна эрх зүйн онолын мэдлэг шаардлагатай байдаг учраас энэ удаагийн сургалт дадлага олгох сургалтаас гадна, онолын мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор танхимын сургалтыг мөн  явууллаа. Сургалт цаашдаа жил бүр уламжлал болон явагдана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн сурсан мэдсэн зүйлээ ажил хэрэг дээр хэрэгжүүлж сайн ажиллахыг хүсье” гэсэн юм.

     Талууд сургалтын үеэр цагдаагийн алба хаагчдаас гаргасан санал, хүсэлтийг нэгтгэн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах чиглэлээр хамтран ажиллахаар болов.

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00